Wednesday, April 13, 2011

Говийн Ноён хутагт Данзанравжаагийн тухай

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.
Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. 
Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ.“Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Равжаа:
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ гэж зургаан  настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ.

Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.
Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.
Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд  “Урьхан хонгор”,  “Салж ядах сэтгэл”,  “Сэргэлэн зант Цагаанаа”,  “Духтай хурдан хүрэн”,  “Ертөнц авхайн жам”,  “Үлэмжийн чанар”,  “Ичиг ичиг” зэрэг дуу шүлэг нь ордог байна. Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал” юм.  Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Дэлхийн энергийн төв
Говийн зүүн хэсэгт орших Дорноговь аймгийн Хамрын хийд. Энэ газрыг Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэжээ. Тус газар нь Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн эх нутаг юм.
Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамрын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуулах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ. Данзанравжаагийн уран бүтээл одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, гүн ухааны бүтэн боть, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, олон арван уран зургууд бүтээсэн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч хүн юм. Тэрээр эмэгтэй хүнийг дээдлэн хүндэлдэг байсан нэгэн.

1856 онд Данзанравжаа 53 насандаа Манж, Хятадын бодлогоор хорлогдон нас барсны дараа түүний шарилыг Балчинчойжоо лам занданшуулан Гивааданравжаалин цуглуулгын сүмд бусад эд өлгийн зүйлстэй хамт авдарлан залсан гэдэг. Харин өдгөө Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь түүний чандар хадгалагддаг юм билээ.

Хутагт Данзанравжаа 83 наслах ёстой байсан гэдэг. Гэвч өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, өв залгамжийг нь бүрмөсөн устгах байсныг урьдчилан харсан ажээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон хэмээн ярьдаг. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрыг байгуулсан ч гэдэг. Тиймээс Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч овог нэрээ шившин үлдээдэг юм билээ. Ингэснээр тус газар ирснээ дуулган бүртгүүлж байгаа хэрэг хэмээн нутгийн олон билэгдэнэ. Зөвхөн Догшин Хутагт хийгээд түүний шавь нарын үр хойч, тэдгээртэй ямар нэгэн байдлаар холбоотой хүн л тус газарт очдог гэдэг. Харин очих ёсгүй хүмүүс нь яагаад ч юм тэр газар хүрдэггүй гэдэг юм билээ.

Тэрхүү Шамбалын оронд нэвтэрснээр энергийн төв хэмээх тэр газарт хүрнэ. Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж өөр өөрийнхөөрөө энергийг авна. Хойхно талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах ёстой юм.

Догшин ноён хутагт Данзанравжаа нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэдэг. Тиймээс тэнд гарсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн архийг хадгалан авдаг гэдэг.
Говийн ноён хутагт 1803 онд төрж 53 наслахдаа нэг хүн битгий хэл нэлээд хэдэн хүн хийж болохуйц бvтээлийг туурвисан гэж үздэг.
Эдгээр хийдүүдийг говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа үүсгэн байгуулсан бөгөөд эдгээр хийдүүдийн байршил нь зөв гурвалжин хэлбэртэй юм байна. Энэ газар нь хүн төрөлхтөнд био энерги өгөх, хүний оюуны болон биеийн ядаргааг тайлах энерги эрч хүчийг сэргээх давтагдашгүй увидаст газар юм. Цагаан толгойн хийдэд монголын анхны дуулалт жүжиг болох Данзанравжаагийн "Саран Хөхөө" жүжиг анх тоглогдож байжээ.

Уран бүтээл

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая аа

Сургааль

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Оройн бүхэн нэгийг санаж
Одот eртөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр та
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав


Аяа, уул олон боловч хэмээх сургааль
 
Аяа, уул олон боловч Гандирс мэт уул цөөн
Мод олон боловч зандан мэт үнэртэй мод цөөн
Араатан олон боловч барс мэт хүчтэй нь цөөн
Шувуу олон боловч тогос мэт шувуу ховор
Эрдэнэ олон боловч индранил мэт эрдэнэ цөөн
Морь олон боловч хүлэг мэт сайхан нь цөөн
Сэтгэл олон боловч буянт сэтгэл мэт сэтгэл цөөн.

Гандирс уул гайхуулавч Сүмбэр уулнаас доор болой
Зандах үнэртэй боловч галбарваасыг яаж гүйцэх вэ?
Барс эрхэлэвч арсланд хаанаас хүрэх вэ?
Тогос өнгөтэй боловч гарьдаас доор буй
Индранил мэлтэрсэн өнгөтэй ч чандманьд хаа хүрэх вэ?
Хүлэг хурдан боловч морины хаан балха лугаа адил бус
Буянтай сэтгэл сайн боловч бодь сэтгэлд хаа хүрэх вэ?

Бас хаан олон боловч Чакравадийн хаан мэт хаан цөөн
Их дуутан олон боловч луу мэт дуутан цөөн
Чимэг олон боловч таван зүйлийн эрдэнийн чимэг мэт чимэг цөөн
Амраг олон боловч Гинарын охин мэт сэтгэлийг булаагч нь цөөн
Эм олон боловч намжил арүр мэт эм бэрх
Өнгө олон боловч сар мэт тунгалаг нь цөөн

Чакравадийн хаан гайхуулавч хурмасыг хаа гүйцэх
Луугийн дуу их боловч Эсэруагийн эгшигт хаа хүрэх
Таван зүйлийн эрдэнийн чимэг сайхан боловч ичгүүр мэдэх мэтийн чимэг бэрх
Гинарын охин сайхан боловч гурван эрдэнэ мэт итгэмжтэй нь бус
Намжил арүр сайн боловч орхоодой мэт нь бус
Солонго дуртавч галын гэрэл мэт дуртмал бус
Сар тунгалаг боловч нарны гэрэл мэт түгээмэл нь бус

Дөрвөн улирал
 
Хавар. Өсөх цаг
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л.

Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л.

Зун. Идэр цаг
Жаргалтай дэлгэр зуны гурван сард
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад
Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд
Жавартай өвлийн хүйтнийг мартана л.

Захирч сургагчдын сургаалыг огоороод
Зальхай найман номыг даган явсаар
Завдлага үгүй дөрвөн далайн
Жамыг эс мэдэв л.

Намар. Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна л.

Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.

Өвөл. Өнгөрөх цаг 
Хөх өвлийн дохио ирэхэд
Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад
Хүйтэн жаварлавч салхины эрчим чангараад
Хөвчин дэлхийн өнгө нь буурна л.

Хүний биеийн шүтээн улмаар
Хөгшрөөд өтлөхийн хэрд
Хүчин ба оюун билиг сулран хомстож
Хүчтэй үйлийн эрхийг дагана л ...

Уул мэт оргил
 
Уул мэт оргил бол
Хангайн бараа юм.
Хангайн мод олон ч
Жимстэй нь нэг хоёр.
Хамаг амьтан олон боловч
Халамжтай хань нэг хоёр.
Замын тоос гарвал
Зандан хүрний тоос юм.
Залуу бага насанд
Зальхай явдал ичгүүр юм.
Хиймэл хадаг зөөлрөвч
Бурханы яндар болдог юм.
Хиртээгүй зөөлөн цаас ч
Номын дэвсгэр болдог юм.
Нарнаас наагуур хөшиглөсөн
Үүл чамайг яах вэ?
Насны багад ханилсан
Үүнийхээ сэтгэлийг яах вэ?
Хариас ирэх шувууны
Дуу нь янзтай.
Хайртнаас салах хүний
Сэтгэл нь янзтай.



No comments:

Post a Comment

,,,