Wednesday, April 20, 2011

Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийн хүү Японы бас нэгэн рекордыг тогтоолоо

Төрийн хан хуурч, МУГЗ Ц.Цэрэндоржийн хүү, хуурч Ц.Соёл-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Японы үндэсний хөгжим болох Самисэн хэмээх хөгжмийн зэмсгийг гурван жилийн дотор буюу Япон улсын түүхэнд хамгийн богино хугацаанд сурч, рекорд амжилт тогтоожээ. Дэлхийн дэвжээнд буухиалсан Монгол хөвгүүдийн амжилт ийнхүү баяжин нэмэгдэж буйд бахдаад ханашгүй ээ.
-Хуур хөгжимтэй анх яаж нөхөрлөсөн бэ. Мэдээж аавын тань нөлөө их байсан уу?
-Тэгэлгүй яахав. Миний аав төрийн их хан хуурч хүн.
Би зургаан настайгаасаа л хуур хөгжмөөр хичээллэж. аавынхаа шавь болсон. Аавтайгаа хамт хөдөө гадаа тоглолтоор явж, цаг л гарвал хуураа бариад суучихдаг хүүхэд байсан. Аав ч намайг хуурнаас нэг цаг ч холдуулах дургүй. Есөн настайгаасаа эхлэн “Цохилгон товшуур”гэдэг хөгжмийг ааваараа заалгуулсан. Янз бүрийн сайхан магтаал хайлж, цохилгон товшуураа овоо тоглодог болсон. Харин 11 наснаасаа эхлэн морин хуураар олны өмнө тоглодог болсон доо.
-Та хөгжмийн чиглэлээр ямар сургууль дүүргэсэн бэ?
-Би ямар нэгэн урлаийн сургуульд сурч энэ мэргэжлийг эзэмшээгүй. Ардын уламжлалт гэрийн шавь сургалтаар л сурсан. Ерөөсөө бүхий л зүйлийг ааваараа заалгасан даа.
-Та хэдэн төрлийн хөгжим тоглодог вэ?
-Би хуураас гадна хуучир, товшуур, аман хуур, самисэн зэрэг хөгжмүүдийг тоглодог. Монгол үндэснийхээ хөгжмүүдийг аав минь надад зааж эзэмшүүлсэн.
-Үндэсний хөгжим тоглох онцлог арга техник байна биз?
-Байлгүй яахав. Жишээлбэл хуучир хөгжмийг зөвхөн хумсаараа нясалж тоглох техник байна. Үүнийг өнөөдөр Монголд дөрөв тавхан хүн л тоглож байна. Тэгэхээр ховордсон ардын урлагынхаа төрөл жанерыг хойч үедээ үргэлжлүүлэн үлдээхийг аав маань зорьж байгаа учраас би итгэлийг нь алдахгүйг хичээж явна даа.
-Урлагийн хүн болно гэдэг асар их хөдөлмөр шаарддаг. Тэгэхээр шантрах үе тохиолдож байсан уу?
-Шантрах зүйл ерөөсөө гараагүй. Яагаад гэвэл би багаасаа л урлагаар хүмүүжсэн юм. Цэцэрлэгээсээ авхуулаад сургуульд байсан хугацаанд урлагаар хичээллэсэн учраас шантрах гэдэг зүйлийг би амсаж байсангүй. Харин ч хуур хөгжим болон бусад хөгжмөө бариад суух нь надад хамгийн сайхан байдаг. Би хөгжим дарж байхдаа хэзээ ч уйдахгүй юм даа гэж багаасаа боддог байж билээ.  Анх 15 настайгаасаа эхлэн аавыгаа дагаж гадаад руу явж тоглож эхэлсэн. Тэр үед надад үнэхээр жаргалтай сайхан байлаа. Өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хүмүүст хүргэж, түүнийгээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан.
-Аавтайгаа хамт ямар орнуудаар аялан тоглолт хийв дээ?
-Дэлхийн 20 гаруй улсын 50 шахам хотоор явж тоглосон.
-Япон улсад анх удаа тоглолт хийсэн тухайгаа яриач. Ер нь таны бодлоор Япон орон ямар санагдсан бэ?
-Анх аавтайгаа хамт 15 настай байхдаа 1996 онд очиж байсан. Түүнээс хойш 36, 37 дахь удаагаа аялаад байна. Миний бодлоор Япон орон бол мэдээж өндөр хөгжилтэй. Япон хүмүүс боловсрол маш өндөр, хөдөлмөрч ажилсаг ард түмэн. Хөгжмийн мэдрэмжийн хувьд маш гайхалтай боловсролтой. Рок поп, эстрад гэхээсээ илүү ардын хөгжим, үндэсний урлагаа үнэн сэтгэлээсээ сонирхдог, дэмждэг хүмүүс л дээ.
Тэр ч утгаараа япончууд өөрсдийн үндэсний урлагийг маш сайн хадгалж, уламжилж авч үлдсэн ард түмэн. Япончууд эрт үеэс хэдийгээр дайн байлдааны хөлд нэрвэгдэж байсан ч үндэсний урлаг, сүм хийд, байшин барилгаа бүтнээр нь авч үлдсэн ард түмэн шүү дээ. Жишээлбэл сумо бөх ямар их хатуу дэг жаягтай байдаг билээ. Тэр утгаараа асар их урлагийн сан хөмрөгтэй орон. Түүнийгээ байнга хамгаалж, хөгжүүлж байдаг улс гүрэн юм гэж боддог шүү.
-Япончууд үндэснийхээ Самисэн гэдэг хөгжмийг 15-20 жилийн хугацаанд сурдаг бол та ердөө 3 жилийн хугацаанд сурч Японд бас нэг амжилт тогтоожээ. Тантай ярилцах гэж ирсэн гол зорилго маань энэ байлаа. Энэ талаар тодруулж ярина уу?
-Энэ бол Цугарү Самисэн гэдэг хөгжим. Энэ хөгжмийг би одоогоос 4 жилийн өмнөөс тоглож суръя гэж шийдсэн. Самисэн тоглож байгаа Япон хүнийг харахаар сэтгэл их догдолж, сайхан байдаг байлаа. Миний багш надад “Япон хүн 20  жилийн хугацаанд сурдаг хөгжмийн зэмсгийг чи ердөө гуравхан жилийн хугацаанд сурлаа” гэж хэлэхэд надад их сайхан байсан. Дараа нь Японд тоглолтоо хийж, үзэгчид шүүгчдээс үнэлгээ авахдаа бүр их баярласан. Миний энэ хөгжмийг ингэж сурсан явдал бол аавын маань ач буян юм даа. Намайг багаас минь цохилгон товшуур, хуучир, хуур гээд олон хөгжимд сургасан нь самсэн хөгжмийг хурдан сурахад нөлөөлсөн. Бас сургуультай минь холбож өгсөн.
-Шинэ амжилт тогтоолоо хэмээн таныг урамшуулсан уу?
-Ямар нэгэн мөнгөн шагнал өгдөггүй юмаа. Энэ бол гэрийн шавь сургалтаар сурдаг үндэсний хөгжим. Харин тусгай Сертификат үнэмлэх олгоно. Тэр үнэмлэх нь олон нийтийн санал асуулгаар олгогддог. Самисэн хөгжмийн сургалт нь нэлээд дэг жаягтай. их хатуу хуультай. Үнэмлэхийг нь авахын тулд би 1800 гаруй хүний суудалтай том театр тоглолт хийж, тэнд байгаа бүх үзэгчдээс санал авдаг юм. Би тэр тоглолтоо 2 үе шаттай хийсэн. Ганцаарчилсан болон бусад хөгжимчидтэй хамтарч тоглосон юм. Санал асуулгад оролцсон бүх хүмүүс 100% дэмжиж би энэ сертификатаа гардаж авсан.
-Самисэн хөгжмөөр Монгол аялгуу тоглож болох уу? Та туршиж үзсэн үү?
-Манай шанз хөгжимтэй их төстэй. Монгол аялгуу тоглож болно. Гэхдээ Японы үндэсний хөгжим сурч байгаа учраас зайлшгүй өөрийнх нь аяыг тоглож түүнийг Японы үзэгчдэд хүргэх ёстой. Ийм учраас би тийм үнэлгээ авсан юм. Мэдээж шанз шиг учраас шанзан дээр тоглодог бүх аяыг тоглож байна.
-Таныг анх энэ хөгжмийг суръя гэхэд багш чинь яаж хүлээж авсан бэ?
-Би дөрвөн жилийн өмнө Мабо цолтой Шигэновү багшдаа энэ хөгжмийг анх тоглож сонирхуулсан. Тэгтэл багш маань “Өө яахав болж байна” гээд ер тоогоогүй. Тэгээд би багшдаа надад зааж өгөөч гэж олон удаа санал тавьж байсан боловч хүлээж аваагүй л дээ. Тэгэхээр нь сургуулийн захирал руу нь хандсан. Манай сургуулийн захирал өөрөө хувийн телевизтэй хүн. Телевизийнх нь захирал манай аавтай найз байсан нь аз болж “Миний хүүг энэ хөгжимдөө сургаач, ерөөсөө дурлаад салахгүй байна” гэж сүүлд нь ярьсны хүчинд сургуулийн захирал маань надтай биечлэн уулзаж дэргэдээ авсан. Тэгэж манай багш надад зааж эхэлсэн дээ. Би ч өөрөө итгэлийг нь алдахгүйг хичээж хамаг хүчээ дайчилж сурсан. Гэтэл захирал маань намайг сайн сурч байна гэж үнэлээд гэртээ авч, цалин өгдөг болсон. Тэгээд би гэдэг хүн чинь хамгийн их дурласан зүйлээ их өндөр цалин авч сурсан даа.
-Одоо та буцаад Япон руугаа явах уу?
-Үнэмлэхээ авсан учраас одоо би бусдад Самисэн хөгжмөөр багшлах эрхтэй болсон. Мөн олон нийтэд хаана ч концерт тоглож болно. Тийм учраас би энэ хөгжмийг олон янзын хөгжмүүдтэй хамтатгаж цаашаа томоохон хэмжээний тоглолт хийнэ гэж боддог. Ирэх 9 сард Япон руу явна. Тэр үед надад өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
-Та ер нь Монголдоо томоохон бие даасан тоглолт хийе гэсэн бодол байдаг уу?
-Би Монголдоо тоглолт хийж байгаагүй. Харин гадаадад аавтайгаа, ганцаараа жилдээ хоёроос гурван удаа 1996 оноос хойш тоглолт хийлээ. 2012 онд Монголдоо аавтайгаа хамтарсан тоглолт хийнэ гэж бодож байгаа.
Ярилцсан Д.Жаргалсайхан. Zindaa.mn

No comments:

Post a Comment

,,,