Та бүхэндээ тус аяллын замд байх Монголын түүхийн томоохон дурсгалт зүйлсийг агуулсан Рашаан хадыг танилцуулж байна.
Энэхүү дурсгал бол Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг, Биндэр уулын зүүн урд хормой, Хурх голын савд орших Рашаан хадны дурсгал билээ. Үзүүр хад ч гэх нь бий. Тус дурсгалыг судлах ажлыг Х.Пэрлээ гуай 1943 оноос эхлүүлсэн бөгөөд 1960-70 онд жил тутам очиж судалсан чухам л Рашаан хадны дурсгалаар мэргэшсэн өтгөс байсан ажгуу.
Тэрээр Рашаан хадны дурсгалын талаар эрдэм шинжилгээний арав гаруй өгүүлэл бичсэн бөгөөд 1976 онд Рашаан хадны 400 гаруй тамганы зургийг судалсан судалгааны нэг сэдэвт “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх бүтээлээ туурвижээ.
Энэ "цогцолбор" дурсгалд палеолитийн үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүн, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб, перс, монгол түвд манж хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. (арслан заан, савагт хирс, /1.5 м гүнээс савагт хирсний эвэр олдсон/ хулан зэрэг амьтны дүрс, нийт 500-аад тамга тэмдэг /зарим хэсэг нь 1 метр орчим хөрсөнд хучигдсан байдгаас үзвэл нэн эртнийх болох нь мэдэгдэнэ/сийлсэн байдаг байна) Мөн энэ орчим хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн хүн оршин байсны нотолгоо болсон палеолитээс неолитийн эхэн хүртэлх үеийн чулуун зэвсэг, эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, хүрэл болон төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв, түүхийн олон үед хамрагдах дурсгал элбэг олддог.
12-р зуунд энэ л газар Хамаг Монгол аймгийн гол нутаг байсан бололтой. МНТ-д “Хурху-наг жубурт Хотолыг хаан өргөмжилж өвдөг газрыг өлцөртөл, хотгор газрыг холцортол бүжив” гэдэг ба Судрын чуулганд “Хурху-таш гэдэг газар Хотола хаан нутаглаж байсан” гэж үлджээ. Пэрлээ авгай “таш” хэмээхийг чулуу хэмээн тайлсан бөгөөд Хурх гол өнөөг хүртэл урссаар л байна. Хурху хэмээх нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр буй хурал хуйгийн үйлдэх хэв мөн билээ. Энэ бүгдээс үзэхэд эрт дээр үеэс хэлхээ ойр овог аймгууд энд л (Хурах чулуу) хурж байсан гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй буйзаа.
Эх сурвалжийг: www.ebugen.blog.gogo.mn
Эх сурвалжийг: www.ebugen.blog.gogo.mn
No comments:
Post a Comment
,,,